Thursday, 25 October 2012

Эмнэлэг ч бас үйлчилгээний байгууллага


Анхны бичлэгээрээ япон улсын эмнэлэгийн хүлээн авах систем (түргэн тусламж биш)”  -н талаар өөрийнхөө харж мэдсэнээ та бүхэндээ хүргэе.

Энд “хүлээн авах систем” гэдгээр эмнэлэгийн үйлчилгээ авахаар ирсэн өвчтөнд үзүүлэх эмнэлэгийн үйлчилгээний системийг тодорхойлж байгаа юм. 

Эмнэлэг ч бас үйлчилгээний байгууллага. Хаана ч ийм үг сонсож байгаагүй боловч японд байх хугацаандаа өөрийн эрхгүй ийм дүгнэлтэд хүрсэн. Эндхийн эмнэлэгүүд өвчтөндөө үйлчилдэг. Эмнэлэг нь “үйлчилгээгээ” зардаг, менежменттэй "бизнесийн" байгууллагын хэлбэрээр хөгжиж байгаа мэт санагдсан. Ашгийн төлөө ажилладаг гэсэн үг биш болохыг анхаарна уу. Зах зээлийн хууль нь хаана сайн үйлчилгээтэй байна тэнд олон хүн үйлчлүүлнэ гэдэг үндсэн зарчим дээр тулгуурласан байдагт гол учир бий болов уу. 

Ингээд ямар ч эмнэлэгт очсон нийтлэг тохиолдох “стандарт” үйлчилгээний хэв маягийг та бүхэнд танилцуулая.

Эмнэлэгийн хүлээн авах нь төв хүлээн авах болон тасгийн хүлээн авах гэсэн 2 янз байдаг юм шиг байсан. Өвчтөнийг төв хүлээн авах дээр хүлээж авдаг. Бүх эмнэлэг өвчтөн хүлээн авах цагийн хуваарьтай байдаг. Даваа гаригаас Баасан гариг хүртэл өглөө 8-11, үдээс хойш 13-16 цагийн хооронд өвчтөнийг хүлээн авдаг. Зарим эмнэлэгүүд бямба гаригт 8-11 цагийн хооронд өвчтөнийг хүлээн авдаг. Хувийн болон жижиг эмнэлэгүүд хэрэглэгчдийнхээ цаг завыг бодолцон уртгасан цагийн хуваарьтай байх нь элбэг. Мэдээж онлайнаар цаг авдаг захиалгын үйлчилгээ бүх эмнэлэгт байдаг. Цаг авсан бол хүлээх шаардлагагүй. Гэвч бүх эмнэлэг 30 мин( эсвэл 60 мин)  тутамд 1 л хүний захиалга авдаг. Бусад цагт нь цаг аваагүй өвчтөнийг үздэг. Миний хувьд цаг авснаас шууд очсон нь илүү дээр байдаг. Цаг авах бол бараг сарын өмнө захиалахгүй бол фиг болчихдог.

Төв хүлээн авах хэсгийн үйл ажиллагаа
1.а. Өвчтөн төв хүлээн авах дээр очиж эрүүл мэндийн дэвтэр, өвчтөний картаа үзүүлнэ.
1.б. Анх удаа очиж байгаа бол таниар анкет бөглүүлж авах бөгөөд тэр мэдээлэлд тулгуурлан өвчтөний карт нээж өгдөг. (Ихэнхи эмнэлэгүүдкарт нээхэд 0-2000 иений хураамж авдаг. )
1.в. Таниас юу өвдөж байгааг, хаана үзүүлэх хүсэлтэй байгааг тань асууна. Хаана юугаа үзүүлэхээс хамаараад өвчний шинж тэмдэг болон хзэээнээс өвдөж эхэлсэн талаар анкет бөглүүлдэг.
Жишээ нь: Та ханиад хүрсэн юм шиг байна гэвэл анкетаас гадна халууны шил өгнө. Анкет бөглөж байх хоорондоо биеийн халуунаа хэмжээрэй гэж тэр. Анкетаа бөглөхдөө “зориулж зассан” ширээн дээр бөглөдөг. Энэ хооронд хүлээн авах өөр хэн нэгэнд үйлчлэх боломжийг бүрдүүлж байгаан тэр байх гэж ойлгодог.
1.г. Анкетаа бөглөж дуусаад хүлээн авахын ажилтанд дамжуулахад таньд зориулан 1 хавтас бэлдсэн байдаг. Хавтасыг аль тасгийн хүлээн авахад аваачиж өгөхийг зааж өгнө. Таны анкет болон үзлэгийн дугаар зэрэг мэдээлэллийг тэр хавтас дотор хийнэ.
Жич: Хүлээн авахад эмнэлэгээсээ хамаараад янз бүрийн тооны ажилтан байдаг. Миний үзүүлж байсан эмнэлэгт багадаа 5 хүн зэрэг үйлчилж байсан. Төв хүлээн авах дээр аль тасагт үзүүлэхээ мэдэхгүй бол өвчний шинж тэмдгийг сонсоод хаана үзүүлэх ёстойг зааж өгдөг туслах эмч(сувилагч?) заавал байдаг.

Тасгийн хүлээн авах хэсгийн үйл ажиллагаа
2.а. Тасгийн хүлээн авах дээр очиж хавтсаа дамжуулж өгөхөд суугаад хүлээж байхыг хүснэ. Миний бөглөсөн анкетаас хамаарч хаана үзүүлэх ямар шинжилгээ өгөх, үзүүлэх эмчийн өрөөний дугаар, дараалал зэргийг шийддэг. Энэ бүх мэдээлэлийг нөгөө хавтсанд бичээд хийнэ.
2.б. 1-3 минутын дараа дуудаж аль өрөөнд, хэн гэдэг эмчид үзүүлэхийг зааж өгнө. Зааж өгсөн өрөөний үүдэнд ойрхон очоод хүлээж байхад л болно. Хавтсыг эмнэлгийн ажилтан эмчийн үзлэг хариуцсан сувилагчид дамжуулна. Энд хүртэл бараг хүлээлт үүсэхгүй боловч, эмчийн өрөөний үүдэнд нилээд хүлээх хэрэг гарна. Эмнэлэгийн ачааллаас хамаараад хүлээх хугацаа янз бүр байдаг. Том сайн эмнэлэг байх тусмаа олон үйлчлүүлэгчтэй байх тул удаан хүлээдэг. Хувийн болон жижиг эмнэлэгт үйлчлүүлэгч цөөн байх тул төдийлэн удаан хүлээдэггүй. Миний хувьд хамгийн багадаа 10-30мин, хамгийн удаандаа 2 цаг хүлээж байсан(нэг л удаа) удаа бий.
2.в. Үзлэг хариуцсан сувилагчид өвчтөнийг нэрсээр нь дуудан оруулах тул өвчтөнүүд санаа амар суугаад номоо унших нь уншаад, хөгжим сонсох нь сонсоод хүлээж байдаг. Нэг тасагт л гэхэд ойролцоогоор 5-6 эмч зэрэг үзлэг хийж байх шиг байсан. Нилээд олон өрөөрүү зэрэг зэрэг дуудан оруулах тул нэгэнт цагтаа амжиж төв хүлээн авах дээр очсон л бол үзүүлж чадалгүй буцна гэсэн ойлголт байдаггүй. Энэ хооронд үзлэг хариуцсан сувилагч өвчтөний материалтай танилцана.
2.г. Шинжилгээ өгөх шаардлагатай гэж үзвэл эмчид үзүүлэхийн өмнө сувилагч хаана ямар шинжилгээ өгөхийг заан газарчилж өгдөг (Манайд бол эмчид үзүүлж байж л ямар шинжилгээ өгөхөө мэдэж авдаг). Шинжилгээ өгөх газраа нөгөө хавтасаа өгөөд 0-2 минут л хүлээдэг. Хавтас дээр ямар ямар шинжилгээ хаана өгөх, ямар эмчид үзүүлэх талаар бүх мэдээлэл бичээстэй байдаг тул шинжилгээ авсан сувилагч дараагийн шинжилгээний өрөөрүү дагуулж явдаг. Шинжилгээ өгч дуусаад үзүүлэх эмчийнхээ өрөөний үүдэнд ирж хүлээнэ.

Үзлэг
3.а. Сувилагч нэр дуудаж эмчийн үзлэгийн өрөөнд ороход эмч ширээндээрээ нөгөө анкет гэх мэт миний мэдээллийг дэлгэсэн байх бөгөөд, нэмэлт хэдэн зүйл асууна. Шинжилгээний хариуг шууд мэдээллийн системээс хараад оношлоно. Шаардлагатай гэж үзвэл нэмэлт үзлэг хийж шинжилгээ авна. Эмчилгээ бичиж өгөөд дараа дахин үзүүлэх шаардлагатай байвал цаг бичиж өгнө. Боломжтой цагаа хэлээд эмчийн өрөөнөөс гарна.
3.б. 2-3 минутын дараа сувилагч гарч ирж ямар эмийг яаж уух талаар бас ямар дэглэм сахих зэрэг нарийн зөвөлгөө өгөөд, нөгөө хавтсанд эмийн жор шинжилгээний хариуг хавсаргаад надад өгнө. Эмчтэй ярилцах хугацаа ойролцоогоор 3-10 минут.

Төлбөр тооцоо
Нэг авч хэрэгжүүлмээр зүйл бол төлбөр тооцоогоо эмчтэй биш кассанд хийдэг. Тухайн өвчтөний авсан үйлчилгээ бүгд стандарт үнэлгээтэй байх ба ямар хэмжээний төлбөртэй байхыг санхүүгийн алба шийдэж үнэлгээ тогтоодог. Тэр стандартын дагуу кассанд мөнгөө тушаадаг. Эмчтэй ямарч төлбөрийн асуудал ярихгүй. Эмч ч тэр бүр ямар төлбөртэй байхыг мэддэггүй.
4.а. Хамгийн сүүлд нөгөө хавтасаа аваад эхэлж очсон хүлээн авахын хэсэгт хураалгаад төлбөр бодогдохыг хүлээнэ.
4.б. 0-3 минутын дараа нэрээ дуудагдмагц төлбөрөө төлөөд эмийн жор, өвчтөний картаа аваад гарна. Цаг авсан бол захиалгын хуудсаа ч бас авдаг. Нийт төлбөрийн 30% г төлнө. Үлдсэн 70% эрүүл мэндийн даатгалаас төлөгддөг.
Цаг аваад дахин үзүүлэхээр ирэх тохиолдолд төв хүлээн авахад очих шаардлагагүй. Шууд тасгийн хүлээн авахад захиалгын хуудас юм уу, өвчтөний картаа үзүүлэхэд л хангалттай.

Эмийн сан
5.а. Эмийн жороороо ойролцоох аль нэг эмийн сангаас эмээ авна (ихэнхи эмнэлэгийн үүдэнд заавал нэг эмийн сан байдаг). Эм авахад эмийн санч юу өвдсөнийг дахин нягталж асуух бөгөөд эмийн үйлчлэл таарч байвал эмийг өгнө. (Таарахгүй байвал яахыг сайн мэдэхгүй байна. Жор бичсэн эмчээс утасдаж асуудаг байх.)
Эмийг хэрхэн уух талаар маш нарийн ойлгомжтой тайлбарлаж хэлж өгдөг. Эмийн санд ч гэсэн 5-6 хүн ажиллаж байх ба зэрэг зэрэг үйлчилдэг тул маш амар байдаг.
Эмийн жорны хүчинтэй хугацаа 4 хоног байдаг тул 4 хоногийн дотор эмээ авах хэрэгтэй.


Хувийн дүгнэлт
Дээрхи эмнэлэгийн үйл ажиллагааны схемээс харахад дараахи дүгнэлтэд хүрч болохоор байна.
Эмнэлэгийн бүхий л үйл ажиллагаа стандарчлагдсан байдаг.  Ямар шинж тэмдэг илэрвэл ямар шинжилгээ хийх вэ, ямар эм бичиж өгөх вэ гэдэг нь СТАНДАРТ болсон байдаг. Төлбөр тооцоо ч мөн адил стандарттай байдаг.
Эмнэлэгийн үйл ажиллагааг түргэн шуурхай болгоход гол нөлөөлж байгаа зүйл бол 
1рт зөв оновчтой зохион байгуулалт, ажил үүргийн оновчтой хуваарилалт 
2рт мэдээллийн нэгдсэн систем(Энэ талаар дараагийн бичлэгээрээ дэлгэрэнгүй хүргэнэ ээ.юм. 

Хүний нөөцөө зохион байгуулалтад оруулж асуудлыг шийдэж болно. Яавал урт дараалал үүсгэхгүйгээр түргэн шуурхай үйлчилж болох вэ гэвэл  1 эмчийн 1 цагт үзэх өвчтөний тоог олшруулах хэрэгтэй. 1 эмчийн 1 цагт үзэх өвчтөний тоог олшруулахын тулд эмчийн хийдэг ажилд анализ хийвэл асуудал шийдэгдэнэ. Тухайн эмч өвчтөнийг үзэхдээ доорхи  8 ажлыг хийдэг гэж бодьё.
1.      Өвчтөнийг бүртгэнэ. 
2.      Өвчтөний зовиур шинж тэмдгийг асууна.
3.      Үзлэг хийнэ.
4.      Шинжилгээний бичиг хийж өгнө.
5.      Онош тавьна.
6.      Өвчтөний түүх хөтлөх.
7.      Эм бичиж өгнө.
8.      Эм уух зааврыг тайлбарлана.
9.      Төлбөр тооцоо хийнэ.
1, 2 –г хүлээн авахын ажилтан,  9 –г кассын ажилтан,  8 –г сувилагч гүйцэтгэж, 4 –г стандартаар зохицуулж сувилагч эсвэл туслах эмч хариуцаж, эмч зөвхөн 3, 5, 6, 7 –г   хийнэ.Ялангуяа 4 –н хувьд халуун хэмжих, даралт хэмжих гэсэн зүйлсийг эмч хийдэггүй. Үзлэгт орохоос өмнө хэмжээд тодорхойлчихсон байдаг. Ийм маягаар эмчийн ур чадвар шаардахгүй ажлуудыг өөр хүмүүст хуваарилсанаар эмнэлэгийн урт дарааллыг багасгаж хурдан шуурхай үйлчилгээ үзүүлэх бодит бололцоо бидэнд бий.

Дээр дурьдсан үзүүлэхээр ирсэн өвчтөн бүрт өгдөг хавтас ч гэсэн үйл ажиллагааг хөнгөвчлөх хурдасгах зохион байгуулалтын нэг арга юм шүү дээ.  1 эмнэлэгт өдөр 50 хүн үзүүлдэг бол 50 ширхэг хавтас байхад л хангалттай. Тэр хавтасны тусламжтай ямарч сувилагч тухайн өвчтөний дараагийн алхамыг зааварчилах боломжтой "хөндлөн чиглэлийн" зохион байгуулалт бүрдэнэ  
Энэ үйлчилгээний стандартыг зөвхөн эмнэлэгт ч биш бусад байгууллагуудад ч гэсэн нэвтрүүлэх боломжтой.
Жич:Би зөвхөн өөрийн туршлага дээр тулгуурлан өөрийн үгээр тайлбарлаж байгаа тул буруу зөрүү зүйл байвал коммент дээр залруулга хийнэ үү.



No comments:

Post a Comment